Гурван талын шинжээчдийн түвшний хоёрдугаар уулзалтаар хэлэлцэж тохиролцсоны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 262 дугаар тогтоолоор “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах “Хөрөнгө оруулалтын судалгааны төв”-ийг Гадаад харилцааны яамны дэргэд байгуулахаар шийдвэрлэж, уг төвийн үйл ажиллагааны дүрмийг батласан, мөн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байгаа. ГХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулалтын судалгааны төв нь гурван улсын “Хөрөнгө оруулалт, зураг төслийн төв”-ийг байгуулах бэлтгэл ажлыг хангах, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах, үндэсний хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Дүрмийн дагуу уг төвийн чиг үүрэгт 3 улсын хооронд дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮндэслэлийг боловсруулах, эсхүл бусад этгээдээр гүйцэтгүүлэх; төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой 3 улсын хууль, тогтоомжийг уялдуулах талаар санал, зөвлөмж, аргачлал боловсруулах; гурван улсын ЭЗК байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх; ижил төстэй судалгааны төвтэй хамтран ажиллах; төслүүдийг хэрэгжүүлэхэд монголын талын байгууллага хоорондын уялдаа холбоог хангах; олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай харилцаж, техникийн туслалцаа дэмжлэг авах чиглэлээр ажиллах юм.

Чиг үүргийнхээ дагуу тус төв нь Монгол Улсын бүс нутгийн хамтын ажиллагаанд хамаарах тодорхой асуудлаар бусад улсын ижил төстэй судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой.

Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн дүрэмд төвийн санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгө, үйл ажиллагааны орлого, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад эх үүсвэрээс бүрдүүлж болохоор заасан. Цаашид энэхүү төв нь гурван улсын “Хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төв” болон өргөжиж, “Эдийн засгийн коридор”-ын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах зэрэг хэлбэрээр олсон үйл ажиллагааны орлогоор санхүүжих юм.

- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ https://legalinfo.mn/mn/detail/12893

- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ДҮРЭМ / Үзэх /